Дизайн Парк

Монголын уран бүтээлчдийн нэгдсэн блог

Уран зураг

Posted by designpark2010 on February 15, 2011

Ардын зураач Ү.Ядамсүрэн

Ардын зураач Ү.Ядамсүрэн гуай 1905 онд хуучнаар Сэцэн хан аймгийн Түмэндэлгэр сумын нутаг, одоогийн Хэнтий аймгийн Норовлин суманд мэндэлсэн агаад тэрбээр бага наснаасаа эхлэн зурах, урлах үйлд шамдан суралцаж эхэлсэн ба 1930-аад оноос Хэвлэх үйлдвэр, Судар бичгийн хүрээлэн зэрэг газар ажиллаж байв. 1939-1942 онд ЗХУ-ын Суриковын нэрэмжит уран зургийн академид суралцсан бөгөөд 1942 оноос хойш Дүрслэх Урлагийн Газар, МУЭХороонд ажиллаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн байдаг. Тэрээр Монгол зураг, бар зураг, торгон зээгт наамал, тосон будгийн зэрэг олон төрлөөр уран бүтээлээ туурвидаг байсан нь үндэсний болон орчин үеийн өрнөдийн уран зургийн арга барилыг хослуулан эзэмшсэн авъяаслаг уран бүтээлч байсан гэдгийг нь нотолдог. Зураач мөн үндэсний язгуур соёл, ардын гар урлал, үндэсний хувцас, эдлэл хэрэглэл, монгол цамын талаархи цуврал зурагт цомог, товхимолуудыг бүтээж үлдээсэн нь хойч үеийнхэндээ үнэлж баршгүй соёлын өв болон үлдсэн байдаг.Ардын зураач Ү.Ядамсүрэн бол манай орчин үеийн дүрслэх урлагийн тулгын чулууг тавилцаж байсан цөөхөн ахмад уран бүтээлчдийн нэг бөгөөд түүний “Өвгөн хуурч”, “Өрх гэрийн эзэн”, “Үхэр сүрэг”, “Нөхөрлөл”, “Зоригт хүмүүс” гэх зэрэг олон сайхан бүтээлүүд үзэгч, уран зураг сонирхогч, урлаг судлаачдын оюуны мэлмийг гэрэлтүүлсээр байдаг юм.

 

 

 

 

 

 

 

 

Leave a comment